Нүүр хуудас Бидний тухай Гишүүд Түншлэгчид Бүтээгдэхүүн Холбоо барих

ORANGE LOVE PARTY/Валентины өдөр

Orange Love Party/Валентины өдөр

МОНФЕМНЕТ болон “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аяны залуус Валентины өдрийг өвөрмөц хэлбэрээр тэмдэглэдэг уламжлал тогтоож эхэлж байна. 2008 оноос эхлүүлэн энэ өдрийг хайрын тухай патриархат (эцгийн эрхт ёсны) болон гетеронорматив стереотипуудыг эвдэж, хайрыг илүү гүнзгий, илүү өргөн хүрээнд ойлгож, түгээх маягаар тэмдэглэн өнгөрөөж ирлээ.

2008 онд МОНФЕМНЕТ-ын болон бусад иргэний нийгмийн байгууллагуудын залуус хамтран “Би ... хайртай” үдэшлэгийг Занаду арт кафе-д Валентины үдэшлэг зохиож, иргэний нийгмийн төлөөлөгчдөөс урьдчилсан авсан хайрын тухай ярилцлагуудыг видеогоор үзүүлж, хайрын захидлын шуудан ажиллуулж, бүжгийн хичээл зааж, бүжиглэн хөгжилтэй өнгөрүүлсэн.

2009 оны Валентины үдэшлэгийг “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аяны залуусын хүрээнд “Зүрхнийхээ чүгжээг мулталцгаая!” уриан дор явагдсан. Учир нь бидний зүрх “хайр гэж ийм байх ёстой, ингэж хайрлах ёстой” гэхчилэн өрөөсгөл номлолуудын маш олон давхар түгжээгээр цоожлогдсон байдаг тул олон төрлийн хайрыг хүлээн зөвшөөрч, хайрыг ямар нэгэн үзэл сурталд автахгүйгээр таньж, мэдэрч, илэрхийлж, бэлэглэж чаддаг болохын тулд зүрх, сэтгэлээ уламжлалт, давамгайлсан ойлголтуудаас чөлөөлөх хэрэгтэй гэж залуус шийдсэн юм.

Энэ өдрийг тохиолдуулж залуус “Хайртай бол хартай” биш харин “Хайртай л бол ХАЙРТАЙ,” “Хайр нь дотроо хал нь гаднаа” биш харин “Хайр нь дотроо ч, гаднаа ч” зэрэг шинэ мессэжүүдийг боловсруулж, өөрийн гараар МОНФЕМНЕТ-ийн оффис болон аяны залуусын Orange room-ыг чимэглэсэн. Үдэшлэгийн үеэр залуус хайрын тухай ярилцаж, сонирхолтой хөгжөөнт тоглоом тоглож, хоорондоо илүү сайн танилцаж,  нөхөрлөлөө бэхжүүлсэн.


Copyright © 2008 - 2012 MONFEMNET. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by Open Team LLC.