Хүний эрхийн фестиваль нь Хүний эрхийн олон улсын өдрийг хүний эрхийн төлөө ажилладаг иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, залуусын хамт тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн тухай мэдлэг, мэдээллийг сонирхолтой, хөгжилтэй, хүн бүрт дөхөм аргаар олон нийтэд хүргэх зорилготой.
2008 оны Хүний эрхийн фестивалийг бид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төсөлтэй хамтран Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх хэлбэрээр зохион явуулсан. Фестиваль нь “Нэр төр, шударга ёсыг хүн бүрт” гэсэн уриан дор 12-р сарын 10-ны өдөр РЦНК-ийн байранд болж, хүүхэд залуус болон насанд хүрэгчид өргөнөөр оролцсон.
Фестивалийн нээлтэнд жүжигчин Сосорбарам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төөлөөлөгчийн орлогч Шоко Нода нар хүрэлцэн ирж, дуучин Quiza, уран бүтээлийн 1-р нэгдлийнхэн ая барьж энэ үйл ажиллагааг дэмжсэн.
Мөн энэ өдөр хүний эрхийн үндэсний элч супербаатар Эрхүүлэйгийн төрсөн өдрийг тэмдэглэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг олон нийтэд танилцуулж, 58 “Эрхүүлэй”-г хотын 29 сургууль руу хүний эрхийн хичээл заахаар илгээсэн.
Түүнчлэн, фестивалийн үеэр хүний эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд олон нийтэд зориулсан материалуудаа тарааж, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн “New Era” клуб, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн оюутан залуус өөрийн буланг засаж, үйл ажиллагаагаа танилцуулж, хүний эрхийн тухай мэдээллээ хуваалцсан.
Цаашид ч хүний эрхийг эрхэмлэдэг байгууллага, хувь хүмүүс Хүний эрхийн олон улсын өдрийг энэ маягаар сүлжээгээ өргөжүүлэх, олон нийтэд мэдээлэл түгээх, тэднийг оролцуулах хэлбэрээр өргөн хүрээтэй тэмдэглэж заншина гэж бид найдаж байна.
2008 оны Хүний эрхийн фестивалийн зурагнуудаас үзье гэвэл энд дараарай.
2009 оны Хүний эрхийн фестивальд оролцохыг хүсч байгаа бол handsup4yourrights@gmail.com хаягаар и-мэйл явуулаарай, эсвэл 70110355 дугаараар яриарай. |