МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүд, залуучуудын сонгууль, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шийдвэрлэлт: Асуудал ба Шийдэл” бодлогын хэлэлцүүлгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO-тэй хамтран 2021 оны 4-р сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
2021 оны УИХ-ын хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэх болсонтой холбогдуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Д. Сарангэрэл, УИХ-ын гишүүн УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч Б. Баярсайхан, УИХ-ын гишүүн Ч. Ундрам, УИХ-ын гишүүн Б. Жаргалмаа нар болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөл, судлаач нар оролцлоо.

Хэлэлцүүлгээр Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй этгээдэд хүлээлгэх хариуцлагын механизмд ямар асуудал, сорилт, бэрхшээл тулгараад буйг авч хэлэлцсэн. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн явцад хохирогчийг хамгаалах боломж байхгүй зөвхөн Эрүүгийн гэмт хэрэг үүсэж байж гэрч, хохирогчийг хамгаалалтанд орох боломж нээгдэж байна. Үүнээс үзэхэд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль шинэчлэн батлагдаад даруй 4 жил болж байгаа хэдий ч хохирогчийн бодит хамгаалал болж чадахгүй байна. Энэ нь анхны хуулийн үзэл баримтлал алдагдсанаас үүдэлтэй гэсэн дүгнэлт хэлэлцүүлгийн явцад гарсан.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг гэмт хэрэг, зөрчил гэж томъёолж, шийдвэрлэж буй хууль хоорондын зөрчил байгаа ба үүнийг уялдаа холбоотой болгох хуулийн шинэчлэл хийгдэх зайлгүй шаардлагатай гэсэн саналд хүрсэн.

Хэлэлцүүлгийн мөрөөр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулагад өгөх саналын томъёолол боловсруулах ажлын хэсгийг холбогдох талуудыг оролцуулан байгуулж саналын томъёоллыг боловсруулан Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэдэх Зөрчлийн тухай ажлын хэсэг болон УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлэгт хүргэж түүний мөрөөр талууд хамтран ажиллахаар төлөвлөлөө.