МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь үндэсний болон орон нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийг бэхжүүлэх, үр дүнтэй үйл явц өрнүүлэх замаар эмэгтэйчүүдийн улс төр болон шийдвэр гаргах түвшний оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэн улмаар жендэрийн тэгш эрх, хүний эрхэд суурилсан ардчилсан, хүмүүнлэг, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьдог билээ.

Энэ хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эмэгтэйчүүдийн асуудлын сангийн дэмжлэгтэйгээр Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2015-2016 оны хооронд амжилттэй хэрэгжүүлсэн.

21 аймаг, 9 дүүрэг дэх улс төрийн намуудаас болон бие даан нэр дэвшигч эмэгтэйчүүдэд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нөлөөлөл” сургалтыг зохион байгуулж, үүний үр дүнд нийт оролцогчдын 29 хувь нь сонгуульд ялалт байгуулсан амжилттай байсан билээ.

Өчигдөр буюу 9 сарын 28-ны өдөр Сүлжээний Зохицуулах албаны төлөөлөл болон Удирдах зөвлөлийн дарга С.Дондов нар  АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайков  (Ariel Wyckoff), тус албаны соёлын хөтөлбөрийн ажилтан Э.Эрдэнэцэцэг нартай уулзаж төслийн талаар болон Сүлжээний үйл ажиллагаа, үнэт зүйл, санаачилгуудын талаарх ойлголт, мэдээллийг өглөө.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн АНУ-ын ЭСЯ, болон уулзалт зохион байгуулж үйл ажиллагааны талаар мэдээллээ хуваалцах боломж олгосон АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанд талархлаа илэрхийлье!

Сүлжээний Зохицуулах алба

2017.09.28